- Тус компани 2010 оноос бүтээгдэхүүн нийлүүлж байна -
Оюу Толгой төсөлд Монголын олон зуун компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг. Тэдгээр компаниудаас сар бүр шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулдаг уламжлал тогтоод хоёр дахь жилээ үдэж байна. Энэ удаа 11 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчдийн нэг Орем трейд ХХК-ийг танилцуулж байна.
Тус компани байгуулагдсан цагаасаа хойш Оюу Толгой төсөлд бэхэлгээний олон төрлийн материал нийлүүлж байна. “Уул уурхайн компани эн тэргүүнд аюулгүй байдлыг тавьдаг. Аюулгүй байдал маш бага зүйлээс эхэлдэг. Тухайлбал техник, тоног төхөөрөмжийн хамгийн жижиг эд анги ч үүнд хамаардаг. Хятадын боолт төмрийн хатуулагийн чанарийн хувьд төдийлөн сайн биш. Тиймээс манай компани Канад, Америкийн компаниудаас бэхэлгээний материалууд, эрэг боолт зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг. Оюу Толгойгоос бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага бол чанар” хэмээн Орем трейд ХХК-ийн Маркетингийн менежер Б.Энхбаяр ярилаа. Үнэхээр чанар, аюулгүй байдал маш бага зүйлээс хамаардаг учраас захиалагч компани ч бүтээгдэхүүн бүрийн чанарыг дээд зэргээр анхаардаг.
Орем трейд 2010 онд гадаад худалдаа, үйлчилгээний Орем компанийн уурхайн ханган нийлүүлэлт хийдэг салбар болон байгуулагджээ. Тус компани нь анх байгуулагдахдаа 4 хүнтэй байсан бол түүнээс хойш өргөжиж 15 хүнтэй болжээ. Компанийн гол зорилго бол бүтээгдэхүүнээ цаг тухайд нь хурдан, шуурхай нийлүүлэх.
Б.Энхбаяр “Бид төрөл бүрийн химийн бодис нийлүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй. Одоогоор улсын байгууллагад нийлүүлж байна. Цаашид химийн агуулах барих зорилготой. Одоогоор барих газраа төлөвлөж байгаа” хэмээн ярилаа. Орем трейд ХХК Канад, Америкийн компанийн зарим бүтээгдэхүүнийг Монголд борлуулах албан ёсны эрхээ авчээ.
Орем трейд компани уул уурхайн дэлхийн хэмжээний төсөлтэй хамтран ажилласнаар зөвхөн санхүүгийн хувьд биш хүний нөөцийн хувьд хурдацтай хөгжиж байгаа аж. Ажилчдын хувьд техникийн англи хэлний мэдлэг байнга сайжирч, бичиг баримт бүрдүүлэлт, тайлан зэрэг олон ажлын туршлагатай болжээ.